Нойр дутуу явах нь ямар эрсдэлтэй вэ ?

Dorjbalam Gansukh
3 min readNov 15, 2020

--

Өмнөх нийтлэл дээрээ нойр, нойрсох үйл ажиллагааны талаар дурдсан бол энэ удаа нойрны хэрэгцээ болон нойр дутуу явах нь юунд хүргэж болох талаар та бүхэнтэйгээ хуваалцах болно. Хэрэв та өмнөх нийтлэлийг уншаагүй бол энд дарж уншихыг санал болгож байна.

Тухайн хүний биологийн болон насны онцлогоос шалтгаалан хүн бүрийн нойрны хэрэгцээ өөр өөр байдаг. Доорх хүснэгтэд нойрны хэрэгцээг насны ангиллаар харууллаа.

https://www.sleepadvisor.org/how-much-sleep-do-i-need/

Нойрны дутагдал эрүүл мэндэд нөлөөлөх нь

Насанд хүрэгчдийн хувьд шаардлага хангахгүй хугацааны нойр авах буюу 6 цагаас бага унтах эсхүл 11 цагаас их унтах нь эрүүл мэндэд ноцтой эрсдэлүүдийг үүсгэдэг. Эдгээрийг дэлгэрүүлэн авч үзвэл:

Ядаргаа үүсэх

Сэтгэц болон биеийн ачаалал шаардсан ажил хэтэрснээс болж хүний сэргэг байдал буурч, ажлын бүтээмж буурахыг ядралт хэмээн тодорхойлсон байдаг. Ядаргаатай холбоотойгоор анхаарал төвлөрүүлэх чадвар буурах, богино хугацаагаар ой тогтоолт буурах, асуудал шийдвэрлэх чадвар буурах, стресстэй уур уцаартай болох шинжүүд илэрдэг.

Арьс гоо сайханд нөлөөлөх

Дутуу нойртой явах нь арьс хуурайшуулах, батга зэрэг арьсны үрэвсэлт өвчин зэргийн идэвхжлийг нэмэгдүүлэх, коллаген ба эластины задрал хурдасдаг тул үрчлээс нэмэгдэж арьс сулардаг.

Таргалалт

Хэрвээ та орой бүр 5 эсвэл түүнээс бага цаг унтдаг бол илүүдэл жинтэй байх магадлал 50% байдаг. Энд ямар холбоо байна вэ? гэхээр Нойрны дутагдал нь грелин буюу өлсөх мэдрэмж төрүүлдэг дааврын ялгарлыг нэмэгдүүлж, лептин буюу цадах мэдрэмж төрүүлдэг дааврын ялгаруулалтыг бууруулдаг. Ингэснээр тархи нүүрс ус хайж эхлэх ба ялангуяа чихэр, амттан идэх сэдэл төрдөг. Ийнхүү таргалалт нь цаашид артерийн даралт ихсэлт, чихрийн шижин, зүрх судасны бусад өвчин, эмгэгт хүргэх ноцтой эрсдэлт хүчин зүйл болж байгаа юм.

Чихрийн шижин өвчнөөр өвдөх эрсдэл нэмэгдэх

Чикагогийн их сургуулиас хийсэн нэгэн судалгаанд 20 орчим насны эрүүл чийрэг залуусын унтах цагаар албаар багасгаж хоногт 4 цаг унтуулахад ердөө 6 өдрийн дотор тэдний цусанд чихрийн шижин өвчний урьдал шинжүүд үүсэж эхэлсэн байна. Мөн АНУ-д хийгдсэн олон судалгаагаар өдөр бүр шөнөдөө 7–8 цаг унтдаг хүмүүсийг 6-аас бага болон 9 цагаас илүү хугацаагаар унтдаг хүмүүстэй харьцуулахад богино болон урт хугацаагаар унтдаг хүмүүс чихрийн шижин өвчнөөр өвчлөх илүү эрсдэлтэй байна.

Зүрх судасны өвчлөлийн эрсдэл нэмэгдэх

Нойр дутуу явах нь зүрхний шигдээс, цус харвалт, анхдагч даралт ихсэлт үүсгэх эрсдэл өндөр эрсдэлийг бий болгодог талаар томоохон тархвар зүйн болон тохиолдол тархалтын судалгаануудад дурдсан байна.

Сэтгэл түгшил, стресст өртөмхий болох эрсдэл нэмэгдэх

Хэд хэдэн судалгаануудад нойр дутуу явах нь зан авир, сэтгэлийн байдал зэрэгт сөргөөр нөлөөлдгийг тогтоосон бөгөөд удаан хугацаагаар нойргүй явсан насанд хүрэгч нарт сэтгэлт түгшил, стресс, сэтгэл гутралын хам шинж, алкахолын хэрэглээ нэмэгдэх зэрэг шинж тэмдгүүд ажиглагдсан байна.

Эрт нас барах эрсдэл

Дээрхи эрсдэлүүд болон бусад эрсдэлүүдээс шалтгаалан эрт нас барах эрсдэл нэмэгддэг ба АНУ-д 1983 оноос эхлэн 9 жилийн турш хийсэн нэгэн судалгаагаар шөнийн нойрны үргэлжлэх хугацаа 6 цагаас бага эсвэл 9 цагаас их хугацаагаар унтдаг хүмүүсийн аль аль нь эрт нас барах эрсдэлтэй болохыг тогтоожээ.

Дараах хүснэгтэд нойр дутуу байх нь ажлын гүйцэтгэлд нөлөөлөх нөлөөлийн талаар харууллаа

Эх сурвалж:

Matthew Walker. Why we sleep: Unlocking the power of sleep and dreams 2017

Brief communication: Sleep curtailment in healthy young men is associated with decreased leptin levels, elevated ghrelin levels, and increased hunger and appetite Ann Intern Med 2004 Dec 7;141(11):846–50.

Hasler G, Buysse DJ, Klaghofer R, Gamma A, Ajdacic V, Eich D, Rossler W, Angst J. The association between short sleep duration and obesity in young adults: A 13-year prospective study. Sleep. 2004;27(4):661–666.

Yaggi HK, Concato J, Kernan WN, Lichtman JH, Brass LM, Mohsenin V. Obstructive sleep apnea as a risk factor for stroke and death. New England Journal of Medicine. 2005;353(19):2034–2041.

Hasler G, Buysse DJ, Gamma A, Ajdacic V, Eich D, Rossler W, Angst J. Excessive daytime sleepiness in young adults: A 20-year prospective community study. Journal of Clinical Psychiatry. 2005;66(4):521–529.

Baldwin DC Jr, Daugherty SR. Sleep deprivation and fatigue in residency training: Results of a national survey of first- and second-year residents. Sleep. 2004;27(2):217–223.

--

--

Dorjbalam Gansukh
Dorjbalam Gansukh

Written by Dorjbalam Gansukh

Өөртөө хэрэгтэй зүйлс

Responses (1)